Иргэний нисэхийн үндэсний төв Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор ANC академитай хамтарч ажиллахаар боллоо.
Энэ тухай Хамтран ажиллах санамж бичигт ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр, “Эйрлайнс нетворк центр монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ундрам нар гарын үсэг зурлаа.
Талууд Монгол Улсын агаарын тээврийн салбарт газрын болон бүхээгийн ажилтнуудыг чадавхжуулах, сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн болон бусад асуудлаар хамтран ажиллах юм. Тухайлбал, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний бага хурал, семинар зохион байгуулах, сургалтын хөтөлбөр, багшлах хүний нөөцийг зохих хугацаанд харилцан солилцох, сургалтын чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоог судалж хэрэгжүүлэх зэргээр хамтарна. Иргэний нисэхийн салбарын бодит, шинэлэг, тэнцвэртэй мэдээллээр иргэд, олон нийтийг хангах мөн АNC академи өндөр мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшил бүхий чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллахын зэрэгцээ тус академийн сургалтад хамрагдаж байгаа суралцагч нарт иргэний нисэхийн үйл ажиллагаатай танилцах, үйлдвэрлэлийн дадлага, сургалт хийхэд хамтарна.