Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймагт Зам, тээврийн салбарын баруун бүсийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнийг Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн үндэсний төв, Автотээврийн үндэсний төв болон Зам, тээврийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан юм. Зам, тээврийн салбарын баруун бүсийн зөвлөгөөнд Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудал, Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудал, Ховд аймгийн “Ховд” нисэх буудал, Баян-Өлгий аймгийн “Өлгий” нисэх буудал, Завхан аймгийн “Отгонтэнгэр”, “Тосонцэнгэл” нисэх буудлын төлөөлөл болон баруун бүсийн авто замын засвар арчлалтын төвүүд, авто тээврийн төвүүд оролцлоо.
Зөвлөгөөний эхэнд ЗТХЯ-аас салбарын хууль, тогтоомж, бодлого чиглэл, 2023 оны үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг танилцуулан 2024 оны зорилтыг танилцуулав. Монгол Улсын Засгийн газар хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбохыг нэн тэргүүнд чухалчилж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой анхааран ажилласны үндсэн дээр Монгол Улс 2023 онд Дэлхийн банкнаас гаргасан Логистикийн индексээр 30 байраар урагшилж 97 дугаар байрт орсон гэдгийг онцлон танилцууллаа. Цар тахлын үетэй харьцуулахад бүх төрлийн тээврийн зардал 8-20 дахин хямдарч, орон нутгийн 8 чиглэлд нислэг сэргээн, онгоцны тийзийг 2-оос 2,5 дахин хямдруулсан талаар танилцуулаад 2024 онд Хямд үнэ-хүртээмжтэй нислэг зорилтын хүрээнд 2,2 сая зорчигч тээвэрлэн 12 мянган тонн ачаа тээвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа талаар онцолсон.
Зөвлөгөөнд оролцогчид энэ үеэр өөрсдийн салбартаа тулгарч буй асуудлаа хуваалцан ярилцсан юм. Тэдний хувьд хүний нөөцийн асуудал хүнд байгаа талаар онцлоод, цалин хөлс нэмэгдүүлэх боломж байгаа эсэх талаар мөн ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах боломжийн талаар мөн тодруулсан юм. Зохион байгуулагчдын зүгээс Иргэний нисэхийн салбарын тухайд энэ сарын эхнээс цалин хөлс 10 хувиар нэмэгдэж байгаа талаар онцлоод сургалтын асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн. Харин орон нутгийн нисэх буудлуудын ажлын байрны давхардлыг арилгах боломж бололцоог судлан, илүү цагийг биеэр эдлүүлэх судалгаа гарган, шинээр ажилтнуудыг сурган дадлагажуулах шаардлага өндөр байгаа талаар онцоллоо.