Олон улсын нислэгийн удирдагчдын холбоодын эвслийн 63 дугаар их хурал “Invest in People: Future of ATM” сэдвийн дор Сингапур хотноо зохион байгуулагдлаа. Тус эвслийн санал өгөх эрх бүхий 104 гишүүнээс 94 нь биечлэн болон итгэмжлэлээр дамжуулан оролцсон хамгийн өндөр ирцтэй хурал болон өндөрлөлөө.
Хуралд манай улсаас Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Ойртолтын ажиглалтын нислэгийн хөдөлгөөний удирдагч Д.Нямгэрэл Мэргэжил, Эрх Зүйн хорооны хурлын дэд даргаар, бүсийн ажиглалтын нислэгийн хөдөлгөөний удирдагч Ц.Ундрал Захиргаа болон Техник, үйл ажиллагаа хорооны хуралд төлөөлөгчөөр ажиллав.
Энэ удаагийн хурлаар олон улсын иргэний нисэхийн салбарын хүний нөөц, нислэгийн хөдөлгөөний удирдагчдын стресс, ядаргааны менежмент, сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг түлхүү хөндөж хэлэлцлээ.
Хурлын үр дүнд Монголын Нислэгийн удирдагчдын холбоо ээлжийн хуваарь боловсруулах програм хангамжийг ашиглах, иргэний нисэхийн салбарт мэргэжлийн сэтгэл зүйн хөтөлбөр боловсруулах ажил дээр бусад гишүүн холбоо болон Олон улсын нислэгийн удирдагчдын холбоодын эвсэл (IFATCA)-тай хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна.
Олон улсын нислэгийн удирдагчдын холбоодын эвсэл (IFATCA)-ын 2030 он ба түүнээс цааших үйл ажиллагааны чиглэл, стратегийг тодорхойлох зорилго бүхий IFATCA2030+ ажлын хэсэг 9 дүгээр сарын 9-өөс 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллахаар болжээ.