Нисэхийн сургалтын төвийн дотоод арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “БИ АЖИЛДАА ХАЙРТАЙ” сарын аяныг зохион байгуулж байгаа. Энэхүү аяны хүрээнд тус төвийн удирдлага, багш, ажилтнууд багуудад хуваагдаж, өөрсдийн хариуцсан өдрүүдэд хамтдаа суралцсан, багийн ажиллагааг дэмжсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 тоот зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан байдаг. Энэхүү өдрийг тохиолдуулан байгалиа нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор мод тарих уриалгыг АЗ баг гаргаж, НСТ-ийн нийт ажилтнуудыг хамруулан хамтдаа мод тарилаа. Бид өнөөдөр агаар дахь нянг устгагч фитоницидийг навчнаасаа ялгаруулж агаарын цэвэршүүлдэг, анхилам сайхан үнэр бүхий цагаан цэцэгтэй, 8-10 метр өндөр ургадаг монос модны 8 суулгацыг суулгасан бөгөөд өөрсдийн багийн тарьсан модны асаргаа, усжуулалтыг тогтмол хариуцан ажиллахаар боллоо.