Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, зургаадугаар сарын 26, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зургаадугаар сарын 28, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, зургаадугаар сарын 30, долоодугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно,
Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр хоног үргэлжлэн орсон борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 260 см-342 см болж, нийт 82 см-ээр давж үерлэсэн нь түүхэндээ нийслэлд ингэж үерлэсэн тохиолдол байхгүй гэдгийг албаны хүмүүс онцолж байна. 1966 оны үерээр 310 см хүрч, үерийн аюултай түвшинг давж байсан бол өнгөрсөн жил 311 см хүрч байжээ.
Ойрын өдрүүдэд төвийн нутгаар аадар бороотой байх тул зургаадугаар сарын 23-29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлээд байгаа.
Иймд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.