Ирэх онд тохиох Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан Дорнод аймаг дахь “Чойбалсан” олон улсын нисэх буудлын хамт олон хэт холын гүйлт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тус нисэх буудлын хамгаалалтын ажилтан, талбайн зохицуулагч Мөнхбатын Хоролжав хамт олноо төлөөлөн Дорнод-Улаанбаатар чиглэлд олон өдрийн хэт холын зайд гүйхээр болжээ. Төлөвлөсөн ёсоор М.Хоролжав “Чойбалсан” олон улсын нисэх буудлаасаа гараад Сүхбаатар аймгийн “Баруун-Урт” нисэх буудал - Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудал - “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал гэсэн маршрутаар 813 км зайд гүйх юм. Тэрбээр он гараад бэлтгэл сургуулилтаа эхлэх бөгөөд гүйлтээ 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхэлж, нисэх хүчний ойн баярын өдөр буюу тавдугаар сарын 25-ны өдөр барианд орохоор төлөвлөсөн байна.
“Иргэдэд нийтийн биеийн тамир, спортын идэвхитэй хөдөлгөөний ач холбогдол, амьдралын зөв дадал хэвшлийг биеэр үлгэрлэн, салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахад энэхүү гүйлтийн эрхэм зорилго оршиж байгаа гэдгийг хэт холын зайн гүйгч М.Хоролжав онцоллоо.
Гүйлтийн үеэр тухайн нисэх буудлуудын алдар гавьяатай хүмүүсийг үе шаттайгаар цувралаар оролцуулан контентууд бэлтгэн олон нийтэд хүргэнэ. Иймд орон нутгийн нисэх буудлууд тус арга хэмжээнд идэвхитэй оролцож, дэмжиж ажиллахыг “Чойбалсан” нисэх буудлын дарга С.Батхүү уриаллаа.