ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын дэд дарга Ганхүүгийн Мөнгөнхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулсныг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гардуулан өглөө.
Г.Мөнгөнхуяг 1996 онд ОХУ-ын Красноярск хотын нисэхийн дунд сургууль, 2008 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Иргэний нисэхийн академийг төгссөн, нислэгийн удирдагч, нислэгийн хөдөлгөөний удирдлагын инженер мэргэжилтэй, иргэний нисэхийн салбарт 25 дэх жилдээ нислэгийн аюулгүй ажиллагааг ханган үр бүтээлтэй ажиллаж байна.
Нислэгийн удирдагчаар ажиллах хугацаандаа нислэгийн аюулгүй, үр ашигтай байдлыг ханган ажилласан төдийгүй Ерөнхий нислэгийн удирдагчаар ажиллахдаа нислэгийн хөдөлгөөний удирдах ур чадвар, мэргэжил мэдлэгээ баттай эзэмших талаар залуу нислэгийн хөдөлгөөний удирдагч нарт заавар зөвлөгөө өгч, залгамж үеийн халааг бэлдэхэд өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан, хамт олон болон залуу үеийнхэнд үлгэр дууриалал болсон туршлагатай, ахмад нислэгийн удирдагч юм.
Тэрээр 2015 онд НХҮА-ны Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын OLDI буюу нислэгийн хөдөлгөөний удирдлагын автомат мэдээлэл солилцох үйл ажиллагааг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, улмаар бодит байдалд хэрэгжүүлэн НХУ болон нислэгийн удирдагчдын ажлын ачааллыг багасгахад томоохон хувь нэмэр оруулсан.
Мөн Монголын нислэгийн удирдагчдын холбооны тэргүүнээр ажиллах хугацаандаа ОХУ-ын НХУТ-үүдтэй хамтарсан нислэгийн удирдагчдын нөхөрсөг уулзалт тэмцээнийг эхлүүлсэн нь жил бүр уламжлал болгон зохиогдож, 2017 оноос БНХАУ-ОХУ-Монгол улсын нислэгийн удирдагчдын уулзалт зөвлөгөөн, 2020 оноос Ази номхон далайн бүсийн орнуудын дунд зохион байгуулдаг харилцан туршлага солилцох үр дүнтэй зөвлөгөөн болжээ.