Агаарын зайн ашиглалтыг сайжруулах, агаарын зайн хэрэглэгчдэд үр ашигтай байхаар Чөлөөт агаарын зам (Free route concept)-ыг Монгол Улсын агаарын зайд нэвтрүүлэх ажлын хүрээнд Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас санаачлан Олон улсын агаарын тээврийн холбоотой хамтран цахим хурал зохион байгууллаа.
Хуралд ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба, Иргэний нисэхийн үндэсний төвийн ХЭЗХАГ, АНҮГ, НУТА, БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо, Япон улсын Иргэний нисэхийн байгууллага, Европын холбооны агаарын навигацийн үйлчилгээний байгууллага Евроконтрол, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо түүний Ази, Европ, Хойд Америк болон Африкийн бүсийн төв, түүний гишүүн агаарын тээвэрлэгчид зэрэг байгууллагуудын нийт 180 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд хурлыг Олон улсын агаарын тээврийн холбооны Нислэгийн хөдөлгөөний менежмент, дэд бүтэц хариуцсан дарга Сэлсо Фигуередо нээж, Хойд Азийг хариуцсан нислэгийн үйл ажиллагаа болон нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент, аюулгүй ажиллагаа хариуцсан менежер Бин Ху удирдлаа.
Чөлөөт агаарын замын тухай ерөнхий ойлголт, үр ашиг, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, туршлага, тулгарч буй бэрхшээл, үйл ажиллагааны баримт бичиг зэрэг өргөн хүрээний асуудлуудын талаар ерөнхий ойлголт өгөх зорилгоор танилцуулгууд Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Евроконтролын зүгээс хийсэн байна. Европын холбооны улсуудын хувьд 2009 оноос Чөлөөт агаарын замын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2024 онд Евроконтролын гишүүн улсууд бүрэн хэрэгжүүлж дуусахаар төлөвлөж байгаа болно. Жишээ нь Финланд улс нь 2014 оноос Чөлөөт агаарын замын төслийг динамик сектор зохион байгуулалтын хамт өөрийн улсын агаарын зайд хэрэгжүүлсэн ба 2015-2016 онуудад Эстони, Латви, Норвеги, Швед, Дани зэрэг хөрш улсуудтай хамтран хил-дамнасан Чөлөөт агаарын замыг хэрэгжүүлж 2020 оноос ихэнх уламжлалт агаарын замуудыг ашиглахгүй болсон байна.
Монгол Улсын зүгээс агаарын навигацийн үйлчилгээний шинэчлэл, хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ, агаарын зай, замын талаар мэдээлэл өгч цаашдын стратеги төлөвлөгөө тэр дундаа Чөлөөт агаарын замыг хэрэгжүүлэх, метрийн системээс фүүтийн системд шилжих төлөвлөгөө, хийгдэж буй судалгааны ажил болон агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудын талаар танилцууллаа.
Мөн IATA болон Cathay Pacific, KLM Royal Dutch, China Southern Airlines, United Airlines зэрэг агаарын тээвэрлэгчид Монгол улсын агаарын зайг ашиглан нислэг үйлдэх боломжоор хангаж хамтран ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийлж, цаашид Чөлөөт агаарын зайг хэрэгжүүлснээр агаарын тээвэрлэгчдэд үр ашигтай аюулгүйгээр нислэг үйлдэх боломжийг илүү олгох боломжтой талаар тодорхой саналууд дэвшүүлэн танилцуулсан болно.