“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Нанжин хотноо агаарын навигаци, нисэх буудлын удирдлагын систем, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “ЛЕС” мэдээлэл технологийн компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани нислэгийн хөдөлгөөний удирдлагын автоматжуулалт, нислэгийн урсгал төлөвлөлт (ATFM), төлбөр тооцоо (Billing), алсын зайн нислэгийн удирдлагын цамхагийн системүүдээ танилцуулав. Мөн нам өндрийн эдийн засагтай холбоотой БНХАУ-ын дотоодын хууль, журам, бүтээгдэхүүн, технологийн шийдлүүдийн талаар мэдээлэл өгөв.
Уулзалтаар Монгол Улсад шаардлагатай ATFM болон Billing системийг Сайншанд хот дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн автоматжуулалтын системтэй уялдуулах, алсын зайн нислэгийн удирдлагын цамхагийн системийг нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.
Монголын тал иргэний нисэхийн салбарын хэрэгцээ, шаардлагад нийцсэн технологи, шилдэг туршлагыг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.