Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өнөөдөр эхлүүлж байгаатай холбогдуулан агаарын хөлөгт шатахуун сумлах байгууламжийн нээлтийг мөн хийж ашиглалтад орууллаа.
Тус нээлтэд ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал болон албаны бусад хүмүүс оролцсон.
ИНҮТ-ийн Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн алба нь цаашид тус байгууламжийн үйл ажиллагааг хариуцан ажиллах юм. Хүчин чадлын хувьд 3 агаарын хөлөгт нэгэн зэрэг сумлагаа хийнэ. Түүнчлэн агаарын хөлгийн 6 зогсоолд байрлах 14 ширхэг гидрантын хавхлагаас зориулалтын диспенсэр авто машинаар түлш түгээх боломжтой. Нэг худаг нь 1 минутанд 1000 галлон буюу 3780 литр хүртэл шахах, 1920м урттай сумалгааны хос шугам гидрант системтэй, нийт 6,400 тн-ын багтаамж бүхий 4 байгууламжтай юм.
Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг 2017 онд улсын комисс хүлээн авчээ.