Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан "Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн 3.2.1. Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг нүүлгэн шилжүүлсний дараа одоогийн нисэх буудлын барилга байгууламжийн зохих хэсгийг ерөнхий зориулалтын нисэхийн төв болгон өөрчлөн зохион байгуулах мөн 2019 оны “Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 455 дугаар тогтоолд “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлыг цаашид олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар заасан.
Тэгвэл энэ тогтоолыг хэрэгжүүлэх, хуучин нисэх буудлын цаашдын ашиглалт, ерөнхий зориулалтын нисэхийн салбарыг олон нийтэд хүртээмжтэй байдлаар танилцуулах өдөрлөг Буянт-Ухаа нисэх буудлын зурваст энэ сарын 30-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд Буянт-Ухаа нисэх буудлын цаашдын ашиглалтын талаарх мэдээлэл, бага оврын агаарын хөлгүүдийн танилцуулга, захиалгат нислэг, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх эрх зүй, дүрэм, хүнгүй нисэх төхөөрөмжийн сургалт, мэдээллийн танилцуулгууд хийгдэнэ. Түүнчлэн шүхрээр буух сонирхолтой үзүүлбэр, иргэд агаарын хөлөгтэй болон нисэх зурваст дурсгалын зураг авхуулах боломж чөлөөтэй байх юм.
Өдөрлөг нь Буянт-Ухаа нисэх буудлыг цаашид ашиглах, хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, чиглэл, төсөл, хөтөлбөрийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр танилцуулах, ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад Иргэний нисэхийн тухай хууль, шинээр батлагдсан иргэний нисэхийн багц дүрмүүдийг сурталчлан таниулах, цаашдын хөгжилд тулгамдсан асуудал, олон улсын нисэхийн сургалт, дадлагын төв болгож ашигласнаар олон улсын сургалтын байгууллагуудтай хэрхэн өрсөлдөхүйц хэмжээнд хүрэх, нисэхийн мэргэжлийн сургалтыг эх орондоо хэрхэн нутагшуулах зэрэг талаар танилцуулах зорилготой зохион байгуулагдаж байна.
Уг арга хэмжээг Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвөөс санаачилж, Ерөнхий ивээн тэтгэгчээр Монголиан нисэхийн академи, ивээн тэтгэгчээр Монголын агаарын тээвэрлэгчдийн холбоо, Скайжет ХХК оролцож байгаа юм.
УОК, НОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу "BUYANT-UKHAA AIR SHOW-2021" арга хэмжээг сонирхогч иргэдэд ковидын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлагатай бөгөөд зохион байгуулагчдаас тавьж буй шаардлагыг биелүүлэх, халуунаа хэмжүүлж амны хаалт тогтмол зүүх, хүн хоорондын зай барьж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр сонирхох боломжтой.