СТЕФАНО БАРОНЧИ: НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗАХИРАЛ НОЁН СТЕФАНО БАРОНЧИГИЙН ХЭЛСЭН ҮГ. 2021.09.02
Энэ есдүгээр сар бол ихэнх орнуудын хувьд нэгэн шинэ эриний эхлэл болох хичээлийн шинэ жилийн нээлт болдог сар билээ. Манай нисэхийн салбар дэлхий даяар тархсан цар тахлын улмаас ихээхэн хүнд сорилтуудыг даван туулж байна. Энэ оны 9 дүгээр сард бид нисэх буудлын нэгэн чухал салбар болох нисэхийн аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулахаар төлөвлөж байна.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-аас 2021 оныг “Нисэхийн аюулгүй байдлын соёлын жил болгон зарласантай холбогдуулан Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ази, номхон далайн бүсийн салбар нь энэ оны 9 дүгээр сарыг Нисэхийн аюулгүй байдлын сар болгон зарлаж, нисэх буудлын аюулгүй байдлын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг олон нийтэд дэлгэрэнгүй сурталчилах болно.
Сүүлийн жилүүдэд нисэхийн аюулгүй байдалд тулгарах аюул заналхийлэл нь улам нарийссантай холбогдуулан аюулгүй байдлын шинэ нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлснээр нисэхийн аюулгүй байдлын хариу арга хэмжээ нь улам хөгжингүй шатанд очсон. КОВИД-19 цар тахлаас үүсэлтэй хямрал нь нисэхийн салбарт аюулгүй байдлын шинэ сорилтуудыг бий болгосон. Тиймээс бид олон нийтийн сүлжээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО), Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ийн гишүүд болон дэлхийн бизнесийн түншүүдийнхээ нисэхийн аюулгүй байдлын талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, сорилт, шийдлүүдийн талаарх мэдээ мэдээлэл, ойлголтыг хүргэх олон нийтийн кампанит ажлыг эхлүүлж санаачлага гаргасан.
Энэхүү ажлын хүрээнд Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ази, номхон далайн бүсийн салбар нь доорх ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
- ACI-ийн Ази, номхон далайн бүсийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн, бүс нутгийн нисэхийн аюулгүй байдлын хорооны нарийн бичгийн дарга ноён Гари Леунгийн “Нисэхийн аюулгүй байдал” сэдэвтэй цуврал видео танилцуулгыг та бүхэнд хүргэх бөгөөд КОВИД-19-ийн нисэхийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаар тус цувралд танилцуулах болно. Та бүхнийг энэхүү видео цувралтай танилцан, тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болно хэмээн найдаж байна.
- ACI-ийн Ази, номхон далайн бүсийн нисэхийн аюулгүй байдлын хороо нь “Нисэх буудлын аюулгүй байдлын соёлыг сурталчлах, эрсдэлийг үнэлэх гарын авлага”-ыг боловсруулан гаргасан. Тус гарын авлага нь нисэх буудлын зорчигч болон ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс аюулгүй байдлын шинэлэг, дэвшилтэт технологийг хэрхэн нэвтрүүлэх талаар тусгасан. Нисэх буудлын операторуудын боловсруулсан энэхүү гарын авлага нь нисэх буудлуудад аюулгүй байдлын соёлыг сурталчлахад зориулсан практик туршлага, сургалт, харилцаа холбоо, урамшууллын систем гэх мэт ажилтнуудын аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн. Энэхүү баримт бичиг нь аюулгүй байдлын соёлын үр нөлөөг үнэлэх практик хэрэгслүүдийн талаар болон аюулгүй байдлын соёлын судалгааг хэрхэн хийх зөвлөмжийг багтаасан тул та бүхэн энэхүү баримт бичгийг манай цахим хуудснаас татан авч ашиглахыг зөвлөж байна.
- Аюулгүй байдлын соёлын жилд зориулсан видео бичлэгийн уралдаан. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-аас зарласан Нисэхийн Аюулгүй байдлын соёлын жилийг дэмжих, сурталчлах зорилгоор ICAO болон ACI нь гишүүн орнуудынхаа дунд нисэхийн аюулгүй байдлын соёлыг сурталчилсан богино хэмжээний видео бичлэгийн уралдаан зарласан. Нисэх буудлын аюулгүй байдлын ажилтнуудын зан төлөв, практик ажлуудыг сайжруулах, туршлагаа бусад орны мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцах зорилгоор богино хэмжээний видео бичлэгийн уралдаанд оролцохыг хүсвэл доорх линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
https://www.icao.int/Security/Security-Culture/Pages/Video-challenge.aspx