Стандарт, хэмжил зүйн газрын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн С/61 тоот тушаалаар MNS6942:2021 дугаартай “Аэродром орчимд агаарын хөлгийг шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх” стандарт, тус өдрийн С/62 тоот тушаалаар MNS6941:2021 дугаартай JIG-2 буюу “Нисэх буудал дахь агаарын хөлгийн шатахууны агуулах, гидрант системийн үйл ажиллагаанд болон шатахууны чанарын хяналтад тавигдах шаардлага” стандарт тус тус батлагдсан бөгөөд ИНЕГ харьяа Иргэний нисэхийн үндэсний төв 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар Монгол Улсын хэмжээнд баримтлах үндэсний стандарттай боллоо.
Тус стандартын зорилго нь иргэний нисэхийн аэродромд агаарын хөлөг хөөрөлт, буулт үйлдэх үед шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх, тохиромжтой менежментийг хэрэгжүүлэх замаар мөргөлдөх эрсдэлийг бууруулах, хяналт тавих үйл ажиллагааны ерөнхий шаардлагыг мөрдүүлэхэд оршино.
JIG-2 буюу “Нисэх буудал дахь агаарын хөлгийн шатахууны агуулах, гидрант системийн үйл ажиллагаанд болон шатахууны чанарын хяналтад тавигдах шаардлага” стандартын зорилго нь нисэх буудал дахь агаарын хөлгийн шатахуун хадгалах агуулах, агаарын хөлөг сумлах гидрант системийг төлөвлөх, өргөтгөх, шинэчлэх, засвар, үйлчилгээ, ашиглалтын үйл ажиллагаа болон шатахууны чанарын хяналтад тавигдах шаардлагыг тогтооход оршино.