Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн нийт гишүүд, түншүүд болон агаарын тээврээр зорчигч, үйлчлүүлэгч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе! Коронавирусын Omicron хувилбарын улмаас бид шинэ оноо хүндхэн угтаж байгаа хэдий ч Ковид-19-тэй холбоотой аливаа шинэ сорилт нь агаарын тээврийн урт хугацааны тогтвортой сэргэлтэд хүрэх замыг даван туулахад саад болохгүй гэдэгт найдаж байна.
Цар тахал нь бидний амьдралын бүх хэв маягийг өөрчилсөн бөгөөд цаашид ч нөлөөлсөн хэвээр байх болно. Цар тахал нь та бидний бидний бизнест хүндээр нөлөөлсөн. Гэсэн хэдий ч бид хамтдаа байж чадвал илүү хүчтэй гэдгээ харуулсан бөгөөд Олон улсын нисэх буудлуудын зөвлөл нь дэлхийн агаарын тээврийн жинхэнэ экосистем болохынхоо хувьд салбарын түншүүд, дэлхийн болон бүс нутаг, үндэсний зохицуулагчидтай хамтран ажиллахын чухлыг үргэлжлүүлэн онцолж байна. Бид урьд өмнөхөөсөө илүү гишүүдээ нэгтгэх дуу хоолой болж, нисэх буудлуудыг нөөцөөр, удирдамж заавраар, үйлчилгээгээр нь дэмжсээр байх болно. Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн өнгөрсөн жилийн ололт амжилт нь бидний тэсвэр тэвчээрийг шалган нисэх буудлуудын дасан зохицох, үйл ажиллагаагаа сэргээх боломжийг олгосон явдал юм. Гэвч энэ нь бүх зүйлс хэвийн байдалд орлоо гэсэн үг биш юм. Орон нутгийн шинж чанартай энэхүү вирустэй бид цаашид хамт амьдарч нисэх буудал, нисэхийн салбар, дэлхий нийтээрээ хамтран тэмцэх хэрэгтэй болж байна. Цар тахлаас өмнө агаарын тээвэр дэлхий даяар 87.7 сая ажлын байрыг бий болгон ДНБ-д 3.5 их наяд ам.доллар хүрэхэд хувь нэмэр оруулсан юм. Агаарын тээвэр нь нийгмийн хөгжилд нөлөөлж, НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжиж, эрдэнэт хүний амийг аврах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, гэр бүл, найз нөхдийг хооронд нь учруулахад чиглэгддэг. Цар тахлын өмнөх үеийнх шиг нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг хангахын тулд нисэхийн салбарын олон улсын болон үндэсний зохицуулагчид харилцан уялдаатай, үр дүнтэй хамтран ажиллах ёстой. Эдгээр ашиг тусын тулд 2022 оныг эхлүүлэхэд бид нисэх буудлуудын урт хугацааны тогтвортой сэргэлтийг хурдасгах салбарын тэргүүлэх 6 үндсэн чиглэлийг доорх байдлаар тодорхойлсон болно.
Улс орны Засгийн газрууд агаарын тээврийн бодлогоо баримтад тулгуурлан үр дүнд суурилсан байдлаар боловсруулж, хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна. Дэлхий улс орнууд аялал жуулчлалын хязгаарлалтуудыг өөр өөрийн дураар зохицуулж байгаа нь агаарын тээврийн нэгдмэл байдал болон худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэрэг агаарын тээврээс хамааралтай олон сая иргэд, бизнес эрхлэгчдийн амьжиргаанд шууд нөлөөлж байна.
Иймд улс орнууд өөрсдийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрүүдийг хооронд нь уялдуулах нь чухал юм. Ингэснээр агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн итгэл сэргэн, нисэх буудлууд, тэдгээрийн операторууд болон бусад оролцогч талуудын үргүй зардал багасах юм.
Улс орнууд вакцинжуулалтын өөр өөр төрлийг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг зохицуулах, ялангуяа нэгэнт шинжлэх ухааны үндэслэлээр тогтоогдсон нэмэлт буюу гурав дахь тунг хүлээн зөвшөөрөх нь гол асуудал болоод байна. Бүс нутаг, үндэсний болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд вакцины тэгш байдлыг хангаж, ДЭМБ-аас аюулгүй, үр дүнтэй гэж үзсэн COVID-19 эсрэг вакцин хийлгэсэн бүх иргэдийг адилхан хүлээн зөвшөөрснөөр агаарын хил нээгдэн, дэлхийн агаарын тээвэрлэлт дахин сэргэхэд хялбар байх болно.
Иймд эрүүл мэндийн гэрчилгээнд тавигдах шаардлага нь маш энгийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, хилээр нэвтрэхэд саадгүй , уян хатан байх ёстой. Нисэх буудлын дижитал шийдлүүд нь зорчигчдын хувийн нууцыг маш сайн хамгаалж, оролцогч талууд болон хилээр нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх давуу талтай байх шаардлагатай.
Олон улсын нисэх буудлуудын зөвлөл нь ИКАО-ын зөвлөлийн Агаарын тээврийг дахин сэргээх ажлын хэсэг (CART)–тэй хамтран ажиллаж, улс орнуудад зориулан зөвлөмж боловсруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна “Нисэх буудлын үйл ажиллагаа ба COVID-19, Бизнесийн дахин сэргэлт” зааварчилгааны 4 дэх хэвлэлийг боловсруулахад үргэлжлүүлэн үйлчилгээгээ үзүүлэн ажиллах болно.
Шинэ он гарсаар цар тахлын мутаци хувилбаруудын агаарын тээврийн салбарт үзүүлэх нөлөө нь нисэх буудлаар үйлчлүүлэгчид болон нисэх буудлын аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт болоод байна. Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн “Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл” (AHA) нь нисэх буудлууд нь зорчигч, ажилтнуудынхаа эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд анхаарахад туслах хамгийн нэн тэргүүний хөтөлбөр хэвээр байсаар байна.
Энэхүү магадлан итгэмжлэл нь ICAO-ын зөвлөлийн Агаарын тээврийг дахин сэргээх ажлын хэсэг (CART)-ийн зааврыг үндэслэсэн бөгөөд нийтлэг шаардлага нь CAPSCA-ийн нисэх буудал төвтэй ханддаг зөвлөмжтэй нийцдэг. Тус хөтөлбөрийн гол зорилго нь нисэх буудлын цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлт, зорчигч хоорондын зай; ажилтнуудын халдвараас хамгаалалт; ажилтан хоорондын зайн зохион байгуулалт; зорчигч терминал, зорчигч тээврийн хэрэгсэл зэргийг бүгдийг хамрана.
Цар тахлын улмаас нисэх буудлууд их хэмжээний эдийн засгийн хохирол амссан. Үүнээс гадна, Олон улсын нисэх буудлуудын зөвлөлөс гаргасан дэлхийн нисэх буудлын хөрөнгө, зардлын төлөв байдал (CAPEX)-ын хэрэгцээ, шаардлагын тайланд 2040 он гэхэд дэлхийн нисэх буудлуудад нийт 2.4 их наяд ам.долларын зардал шаардлагатай гэж тооцоолсон байна. Нисэх буудлууд нь шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахын тулд бизнест суурилсан нисэх буудлын хураамжийг тогтоох бөгөөд нисэх буудлын хэрэглэгчид тухайн хураамжийг төлөх чадвартай эсэхийг мэдэрсэн байх ёстой. Энэ нь нисэх буудлын хураамжийн талаарх дэлхийн бодлогын тогтолцоог шинэчлэх нэн чухал хэрэгцээг онцолж байна.
Эцсийн эцэст нисэх буудлын хураамжийн бодлогыг аль болох зорчигчид болон олон нийтэд ашигтайгаар боловсруулах ёстой. Энэ нь нисэх буудлын одоо байгаа дэд бүтцийг аль болох үр ашигтай ашиглах, нисэх буудлын дэд бүтцийн тогтвортой хөгжлийг хангах, нийгэм эдийн засгийн үр өгөөжийг бий болгохын тулд үйл ажиллагааг сайжруулна гэсэн үг юм. Та энэ сэдвийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Олон улсын нисэх буудлуудын зөвлөлөөс саяхан гаргасан “Бодлогын товч мэдээлэл”-ээс уншиж болно
Цар тахлын улмаас гарсан эерэг өөрчлөлтүүдийн нэг нь Олон улсын нисэх буудлуудын зөвлөл нь нисэх буудлуудын нийгэм, байгаль орчин, эдийн засгийн тулгуур багануудыг багтаасан тогтвортой хөгжилд анхаарлаа хандуулсан явдал юм. Салбарыг сэргээн босгохын хэрээр нисэх буудлууд цаг хугацааг ашиглаж, тогтвортой байдлыг хангах зорилтыг урт хугацааны стратегийнхээ гол зорилт болгон тавьж байна.
Нийгмийн байдлын хувьд нисэх буудлууд бизнес, ажиллах хүч, үйлчлүүлэгчиддээ гол анхаарал тавих үүрэгтэй. Мөн нисэх буудлууд ойр орчмын оршин суугчиддаа дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх нь чухал юм.
Байгаль орчны хувьд тогтвортой байдал, дасан зохицох чадварыг үйл ажиллагаа болон дэд бүтцэд нийцүүлэн зохицуулах нь нисэх буудлуудын үр ашгийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд өртөх эрсдэлийг бууруулах, зайлшгүй тулгарах үйл ажиллагааны өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд тусалдаг.
Эдийн засгийн хувьд тогтвортой байдлын төслүүдээр дамжуулан нисэх буудлууд өөрийн орны Засгийн газрын тусламжийн багц болон тогтвортой байдалтай холбоотой бондоор дамжуулан санхүүжилт авах боломжтой. Эдгээр төслүүд нь агаарын тээврийн салбарыг 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэглэх зорилгод хүрэхэд хувь нэмрээ оруулж, агаарын тээврийн тогтвортой ирээдүйг бий болгоход туслах болно.
Коронавирусийн шинээр гарч буй хувилбарууд нь агаарын тээврийн өсөлт, хөгжилтөд эсрэгээр нөлөөлж байгаа нь нисэхийн экосистемийн аюулгүй ажиллагаа, үйл ажиллагаанд ямар нэгэн үл тохирол гарахгүй байхыг баталгаажуулах шаардлагатай болно гэсэн үг юм. Иймд Олон улсын нисэх буудлуудын зөвлөл нь нисэх буудлуудын зөвлөл нисэх буудлын хөөрч буух зурвасны аюулгүй ажиллагааг сайжруулах, улс орнуудын шилдэг туршлагыг хуваалцах зорилгоор 2022 онд “Хөөрч буух зурвасны аюулгүй байдлын гарын авлага”-ыг боловсруулан шинэ оныг эхлүүлж байна.
Энэхүү гарын авлагыг 2021 оны 11-р сарын 4-ний өдрөөс эхлэн дэлхий даяар мөрдөж эхэлсэн бөгөөд ИКАО-ын олон улсын тайлангийн форматын дагуу шинэ шаардлагуудын зааварчилгаа болон хөөрч буух зурвасны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийн талаарх мэдээллийг багтаасан болно. Энэ нь Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн бодлогын баримт бичигт байгаа удирдамжид тулгуурлан олон тооны нисэх буудлуудын шилдэг туршлагуудыг оруулсан болно. Энэхүү гарын авлагад зурвасны аюулгүй ажиллагааны үзлэгийн хяналтын хуудас, түүнчлэн эрсдэлийг үнэлэх, бууруулах арга хэрэгслийн тайлбарыг багтаасан болно.