Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Тус хуулийн төсөл нь орон нутгийн эрх мэдлийг тодорхой болгох, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээх зохицуулалтуудыг тусгаснаараа ач холбогдолтой болсныг хууль санаачлагчид онцолж буй юм.
Тухайлбал, орон нутгийн хөгжилд эдийн засаг, санхүүжилт гол асуудал байдаг тул орон нутгийн ажил, үүргийг санхүүжилттэй нь холбож өгөхийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны ашиг сонирхлыг хамгаалах механизмыг шинээр бий болгож, Төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар эргүүлэн татах зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгажээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
ОРОН НУТАГТ БАРИЛГА БАРИХААС ӨӨР АЖИЛ ХИЙГДЭХГҮЙ БАЙНА
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Энэ бол маш том реформын хууль орж ирж байна гэж харж байна. Одоо маш зоригтойгоор, маш том шинэчлэл хийх хэрэгтэй байна. Засаг захиргааны нэгжийг яаж нэгтгэх, төвлөрүүлэхийг шийдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хөгжихгүй байна. Монгол Улс сүүлийн 30 жилд хөгжихгүй байгаа шалтгаан нь сум, аймгууд болоод байна. Сум нь 2000-хан хүнтэй, төвдөө 500 хүн л амьдардаг. 200 хүүхэдтэй суманд 600 хүүхдийн сургууль барьж байгаа чинь Монгол Улсыг хойш татаж байна. 330 сумаа нэгтгэе. Суманд ажлын байр алга. 3.3 сая хүнийг хэрхэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх, ажлын байрыг нэмэх өөрчлөлт, эдийн засгийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: ААН-ийн орлогын албан татварын зарим хувь нь тухайн орон нутагтаа үлдэх, өмч, төсөв татварын асуудал, хот тосгоны асуудал ч хууль туссан. Хуулийн төсөлд зөвхөн томилгооны асуудал яригдахгүй.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Орон нутагт барилга барихаас өөр ажил хийгдэхгүй байна. Энэ маягаараа хөгжихгүй шүү дээ. Яг одоо нэгтгэх боломж байна гээд байна. Хэдэн хувиар яаж нэгтгэх юм. Иргэдэд ямар боломж ирэх юм бэ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Аймаг сум дүүргийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн байдал, хүн ам, иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийднэ гэж байгаа юм.
МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ ЭНЭ ОЛОН СУМ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нийслэлийн ИТХ-г дүүргийн ИТХ-аас бүрдүүлэхээр тусгасан байна. Энэ их ярвигтай асуудал болох байх гэж бодож байна. 42.1-т хувь хүний мэдээллийг задруулбал чөлөөлнө гэсэн байна. Энэ их харьцангуй асуудал болох байх. Мөн иргэдийн олонх эргүүлж татна гэдэг бас төвөгтэй. Монгол хөгжихгүй байгаа шалтгаан нь нэгтгэж, нийлүүлэхгүй байгаагаас гэж бодохгүй байна. Бидний давуу тал хөдөө аж ахуй. Цаашдаа ч дэлхийд нэлээд том байр суурь эзэлнэ. Тэгэхээр бүгдийг нь төвлөрүүлээд уусгаж болохгүй. Бид урд хөршийн нэг тосгонтой тэнцэхүйц хүн амтай хэр нь том том эдийн засгийн зүйл ярьж, уусгаж нэгтгэж болохгүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Багийн дарга анхан шатны нэгжийн хувьд төрийн албан хаагч байх нь оновчтой гэж судлаачид үздэг. Энэ асуудлыг ажлын хэсгийнхэн судалж, эргэж харвал зүгээр байна. Манайх шиг нүүдлийн соёл иргэншилтэй улсад хамгийн тохиромжтой удирдлагын хэлбэр бол аравтын зохион байгуулалт гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Аравтын тогтолцоог бий болгох нь чухал юм. Монголчуудын хүчирхэг байсны гол үндэс нь аравтын зохион байгуулалт гэж ойлгодог. Цаашид нүүдлийн соёл иргэншлийг тээж явах ард түмэн байна гэвэл аравтын зохион байгуулалт хүссэн хүсээгүй байх ёстой. УИХ-ын даргын ярьж байгаа Ардын засгийн нутгийн захиргааны дүрэм бол их сайн дүрэм. Уг дүрэм дээр аравтын даргад дөрвөн том шаардлага тавьсан байгаа юм. Ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, амиа бодох биш олны тусыг бодох, ямарваа муу үйлд холбогдоогүй цэвэр шударга, өөрийн хариуцсан засаг төрийн албыг бүтээж чадах шалгуурыг тавьж байжээ. Багийн болон сумын Засаг дарга нар ийм л байх ёстой. Аравтын тогтолцоогоор яваад ирсэн тогтолцоог орхигдуулах биш засаг захиргааны нэгжийн шинэчлэлээр үүнийг сэргээх учиртай.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Төслийн 7.1-т сум засаг захиргааны үндсэн нэгж гэсэн ойлголт байна. Тэгэхээр төрийн үйлчилгээг аймаг биш сум үзүүлж байх ёстой. Гэтэл нийгмийн даатгалын 9-г л сум үзүүлж байна. Тэгэхээр халамж, нийгмийн даатгалын үйлчилгээг заавал аймар руу явах болоод байна. Тэгэхээр суманд төрийн үйлчилгээний эрхийг шилжүүлэх боломжийг хангах ёстой. Сэлэнгэ аймаг бол хамгийн олон тосгонтой. Манай зарим тосгон сумаас олон хүн амтай.