Грек улсын Скиатос арлын нисэх буудалд Унгар улсын “Wizz Air”-ын онгоц газардах үеэр хийгдсэн тус бичлэг “хамгийн нам дор газардалт” хэмээн цахим орчинд тархаж эхэллээ.
Скиатос нисэх буудал нь ердөө 1,628 метрийн урттай учраас нисгэгч нар арлын газар зүйн онцлогоос шалтгаалан нисэх буудалд илүү нам дороос газардах шаардлага үүсдэг байна. Ихэнх нисэх буудлын хөөрч, буух зурвас 2,400-3,900 метрийн урттай байдаг. Тиймээс нисэх буудлын хамгаалалтын хашаанаас хэдхэн метрийн зайтай өнгөрч, аюулгүй газардаж байгаа тус бичлэгт гарч буй үйл явдал тогтмол үзэгдэл болжээ.
Тус бичлэгийн дор сэтгэгдэл хэсэгт нэгэн нисэх сонирхогч тус газардалт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан илүү анхаарал татсан үйл явдал болгож байгаа талаар дурьдсан байна. Түүнчлэн “цаг агаарын өндөр температурт маш богино хөөрч буух зурвас дээр газардахын тулд маш дороос газардах шаардлагатай” гэдгийг ч дурьджээ.
Тус YouTube бичлэг дээр онгоц газардах үед жуулчид арагш ухарч байгаа нь ажиглагдах бөгөөд онгоц өнгөрөх үед үүсэх салхинаас болж зам дээрх тоосыг үлээн нэгэн эмэгтэйн малгай унаж байгаа нь харагдана.
Скиатос арлын энэ бүс нутаг нам дор газардалт хийж буй онгоц харах гэсэн жуулчдыг ихээр татдаг байна. Бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү.