Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийcлэлийн нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа.
Тус захирамжийн дагуу Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын тушаалаар томилогдсон баг 9 дүгээр сарын 14-нд иргэний нисэхэд ажиллалаа.
Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяраар ахлуулсан багийнхан иргэний нисэхийн салбарын түүхэн дурсгалт байшингууд болох Иргэний нисэхийн үндэсний төвийн байр болон Нисэхийн музейн барилгад тооллого, хэмжилт хийлээ. Иргэний нисэхийн үндэсний төвийн байрлаж буй барилга нь 1956 онд ашиглалтад орсон, өмнө нь “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаа явуулж байсан барилга бол Нисэхийн музейн барилга нь 1936 онд баригдсан, Монгол Улсын олон улсын нисэх буудлын анхны байшин юм.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх багийнхан тоолохоос гадна хэмжилт хийж, гэрэл зураг аван, цуглуулсан мэдээллээ тусгай мэдээллийн санд оруулах юм байна. Энэхүү тооллогыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 5 жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд манай 2 барилга нь 2015 онд тус жагсаалтад бүртгэгдсэн юм байна.