Төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжид 32, түүнээс иргэний нисэхийн салбарт 29 дахь жилдээ ажиллаад гавьяаныхаа амралтад гарч буй Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга П.Ариунгэрэлд зориулан ИНҮТ-ийн дарга “Хүндэтгэлийн шуурхай” зохион байгууллаа.
ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан “Хүндэтгэлийн шуурхай”-г нээж хэлсэн үгэндээ “П.Ариунгэрэл даргын шуурхай бүр дээр илтгэдэг хэдхэн үгний цаана олон улс болон Монгол Улсын иргэний нисэхийн салбарын агаарын тээвэр, агаарын навигаци, нисэх буудлын бүхий л ажилтнууд технологи үйл ажиллагаагаа хэвийн явуулахдаа үйлчилгээний талаарх баталгаат мэдээллийг нэг л эх үүсвэрээс авч ашиглан, нислэгээ аюулгүй үйлддэг цогц тогтолцоо оршиж байдаг. Олон улсын иргэний нисэхийн салбар19 Аннексаар үйл ажиллагаагаа стандартчилж, улс бүр эрх зүйн нэг зохицуулалтад байдаг. Тэгвэл Аннекс 4 “Нислэгийн зураг”, Аннекс 15 “Нисэхийн мэдээллийн үйлчилгээ”-г Монгол Улсад нутагшуулах ажилд гардан, манлайлан оролцсон хүн бол Д.Ариунгэрэл дарга билээ. Нисэхийн мэдээллийн энэ том тогтолцоог бүрдүүлж, бойжуулж, бүрэн цогц болгосон энэ хүний хөдөлмөр салбарын хэмжээнд үнэлэгддэг. Маш өндөр түвшний нисэхийн мэдээллийн тогтолцоо бүрдүүлэхийн төлөө том зорилт тавин зүтгэсэн учраас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд бий болж, тэр хэрээр НМҮА-ны үйл ажиллагааны цар хүрээ тэлсэн” гэдгийг онцлон дурдлаа.
Мөн “Зүгээр нэг ажилтнууд биш маш өндөр мэргэшсэн, ёс зүйтэй хүмүүс ажиллаж байж нисэхийн аюулгүй ажиллагаа хангагдаж байдаг. Энэ хүмүүсийн тод томруун төлөөлөл бол жирийн ажилтнаас албаны дарга хүртэл бүхий л түвшинд үр бүтээлтэй ажилласан П.Ариунгэрэл дарга” гэж үнэлж, хүндэлж явдаг учраас түүнд зориулж “Хүндэтгэлийн шуурхай” хийж байгаагаа онцлоод ИНҮТ-ийн нийт хамт олны өмнөөс болон иргэний нисэхийн салбар, цаашлаад иргэний нисэхээр аюулгүй үйлчлүүлсэн нийт зорчигчдын өмнөөс “Баярлалаа” гэж хэллээ.
П.Ариунгэрэл аэронавигацийн инженер мэргэжилтэй. 1991 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах үндэсний төвийн Хөдөлгөөний албаны мэргэжилтнээр иргэний нисэхийн салбарт ажиллаж эхэлснээс хойш Аэронавигаци мэдээлэл хангалтын албанд операторчин, ИНЕГ-ын Мэргэжлийн бодлогын хэлтэст мэргэжилтэн, Нисэхийн мэдээлэл хангалтын албаны НОТАМ-ын тасгийн дарга, тус албаны Нисэхийн шуурхай мэдээллийн хэсгийн дарга, Нисэхийн мэдээлэл хангалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны даргаар тус тус ажиллажээ.