ИНҮТ-ийн Захиргаа, хүний нөөцийн газраас 2023-2030 он хүртэл баримтлах “Хүний нөөцийн дунд хугацааны стратегийн баримт бичиг”-ийн төслийг боловсруулж, ИНҮТ-ийн удирдлагуудад танилцууллаа.
Энэхүү бодлогын баримт бичгийг “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”, “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль” болон “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Иргэний нисэхийн ерөнхий газрын “Хил хязгааргүй нисэх-2030” дунд хугацааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан бөгөөд Олон улсын хүний нөөцийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, удирдлагын менежментийг сайжруулахад чиглэсэн зорилго, зорилтуудыг тусгажээ.
Хүний нөөцийн стратегийн баримт бичгийг боловсруулах ажлын хүрээнд хүний нөөцийн чиглэлээр томоохон суурь судалгаанууд, дүн шинжилгээнүүдийг хийж, ИНҮТ, түүний харьяа салбар, нэгжийн нийт ажилтны нас, хүйс, мэргэжил, боловсрол, ажилласан жилийн судалгаа, салбарын хэмжээнд хийгдсэн хүний нөөцийн шилжилт хөдөлгөөний судалгаануудыг тус тус хийсэн байна. Мөн ИНЕГ-ын “Хил хязгааргүй нисэх-2030” бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулан “Хүний нөөцийн хэрэгцээ шаардлага”-ыг 2030 он хүртэл тодорхойлох ажлыг бусад нэгжүүдтэй хамтран хийж, 2030 он хүртэлх хүний нөөцийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэжээ. Үүнээс гадна, 2023-2030 онд тэтгэвэрт гарах ажилтнуудын судалгааг он тус бүрээр гарган, агаарын навигацийн үйлчилгээ, нисэх буудлуудын үйлчилгээний чиглэлээр дутагдалтай байгаа ажлын байрны судалгааг нэгтгэж, ИНҮТ, түүний харьяа салбар нэгжүүдийн ажлын байрны судалгааг гаргаж, ажил мэргэжлийн олон улсын ISCO-08 стандартын дагуу Перомнес (Peromnes)-н ажлын байрны шинжилгээний аргачлалаар иргэний нисэхийн салбарын онцлогт нийцүүлэн ангилж, бүлэглэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Иргэний нисэхийн үндэсний төвийн хүний нөөцийн дунд хугацаа /2023-2030 он/-ны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь ирэх 8 жилд хүний нөөцийн чиглэлээр баримтлах үйл ажиллагааны зорилго, чиглэл, арга замуудыг тодорхойлж, тэргүүн туршлага бүхий хүний нөөцийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, хүний нөөцийн бодлого, үнэт зүйлсийг тодорхойлох, үнэт зүйлд суурилсан соёлыг бий болгох, ажилтны оролцоо, бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилтны эрүүл, тав тухтай ажиллах орчныг бүрдүүлэх, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэн тасралтгүй хөгжүүлэх, хүний нөөцийн хөгжлийн шинэ чиг хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.