ХАБЭА-н ажилтнууд, хөдөлмөрийн эрүүл ахуйч, ХАБЭА-н сургагч багш, судлаачдын бүх нийтийг ХАБЭА-н соёлд төлөвшүүлэх чиглэлээр гүйцэтгэсэн ажил, туурвисан бүтээл, мэдлэг чадвар, дадлаа бэхжүүлсэн байдал, тэдгээрийн өгөөжийг үнэлэх, салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, сайн туршлагыг нь нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Мэргэжлийн холбоод хамтран Монгол улсад анх удаа Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны салбарын HSE AWARDS-2022 арга хэмжээг Премиум паласт 2022.12.17-ны өдөр зохион байгууллаа.
Салбар, салбарын шилдэгүүдийг шалгаруулах тус арга хэмжээнд ирүүлсэн 63 хүний материалд сонгон шалгаруулалт явуулснаас “Зам, тээврийн салбарын шилдэг ХАБЭА-н ажилтан”-аар ИНҮТ-ийн ААҮДСА-ны ХАБ хариуцсан мэргэжилтэн Б.Энхжаргал тодорч HSE AWARDS 2022 цом, батламжийн эзэн боллоо.
Монголын үндэсний 3 талт хороо, МҮЭХ, Мэргэжлийн хяналтын байгууллага, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөллөөс бүрдсэн 9 гишүүнтэй хараат бус “Үнэлгээний комисс” шалгаруулалтад оролцогчдын сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн ажил, бүтээл туурвилд тус тусын үнэлгээ өгснөө нэгтгэж зохион байгуулах комисст ирүүлснээр номинацийн эздийг тодруулсан байна.
Б.Энхжаргал нь 2019 онд Нисэх буудлуудыг удирдах газар 1 000 000 хүн/цаг осол авааргүй ажиллахад идэвхи зүтгэл үр бүтээлтэй ажиллаж шалгарсан, 2020 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас уламжлал болгон зарладаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” улсын уралдаанд Зам тээврийн салбарыг төлөөлөн оролцож “Тэргүүн байр” эзэлж байсан Зам тээврийн яамны ХАБЭА-н салбар хорооны гишүүн, Монгол улсын ХАБЭА-н мэрэгшсэн мэргэжилтэн юм.