Олон улсын нисэх буудлуудын зөвлөл /ACI World/-ийн Ерөнхий захирал асан хатагтай Анжела Гиттенсийг ACI-ICAO-ын Олон Улсын Нисэх Буудлын Удирдлагын Мэргэшсэн Хөтөлбөр (AMPAP)-ийн элчээр томилогдон ажиллах болсныг албан ёсоор зарлалаа. Тус хөтөлбөр нь ACI World, ICAO-ын хамтын ажиллагааны хүрээнд хамгийн урт хугацаанд амжилтай үргэлжлэн зохион байгуулагдаж буй сургалтын хөтөлбөрүүдийн нэг юм.
AMPAP хөтөлбөрийн гол зорилго нь нисэх буудлын менежментийн чиглэлээр шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх бөгөөд тус сургалтын хөтөлбөр нь нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааны салбаруудыг хамарсан байдгаараа онцлог юм. Мөн түүнчлэн энэхүү сургалтыг амжилттай суралцсан төгсөгчдөд Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Олон улсын нисэх буудлын мэргэжлийн цол болох IAP эсхүл AMPAP Associate дипломыг олгох болно.
ICAO болон ACI World нь TRAINAIR PLUS хөтөлбөрийн гишүүдийн олон улсын сүлжээг ашиглан чанартай сайн сургалтыг хамтран зохион байгуулан ажиллаж байна. Нисэхийн салбар дахь тэргүүлэх хоёр байгууллага сургалтын үйл ажиллагаагаа нэгтгэснээр тус байгууллагуудын гишүүн орнуудын нисэх буудлын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлээд зогсохгүй нисэхийн экосистемийг тасралтгүй сайжруулах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжийг олгох болно.
ICAO-ACI-д хүлээн зөвшөөрөгдсөн нисэх буудлуудын сургалтын үйл ажиллагаа явуулдаг, эсвэл нисэх буудлын үйл ажиллагаа, менежментийн сургалтыг үндсэн чиг үүргээ болгон явуулдаг байгууллагуудад зориулагдсан байна.
ACI World-ийг 12 жил удирдан ажилласан Хатагтай Гиттенс нь АНУ-ын Майами болон Атланта хотуудын нисэх буудлын гүйцэтгэх захирлаар болон Сан-Франциско хотын Олон улсын нисэх буудлын гүйцэтгэх захирлын орлогчоор тус тус ажиллаж байсан юм.
Үүнээс өмнө тэрээр HNTB корпорацын нисэх буудлын бизнес, стратеги төлөвлөлтийн газрын захирлаар мөн түүнчлэн TBI нисэх буудлын менежментийг хариуцан ажиллаж байхдаа Лондон хотын Лутон нисэх буудлыг хувьчлах ажлыг удирдан зохион байгуулж, АНУ, Канад Улсын хэд хэдэн нисэх буудлын үйл ажиллагааны гэрээг хариуцаж ажилласан байна. Мөн тэрээр Royal Aeronautical Society гишүүн бөгөөд нисэхийн салбарын олон зөвлөл, хороодод ажиллаж байсан. Тэрээр одоо Schiphol компанийн АНУ-ын салбар дахь ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.
Хатагтай Гиттенс хэлэхдээ: “AMPAP хөтөлбөрөөр дамжуулан нисэх буудлын удирдлага болон үйл ажиллагааг төгөлдөршүүлэхэд ICAO, ACI-тай хамтран ажиллах нь нэр төрийн хэрэг юм. Агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхэд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд AMPAP хөтөлбөрийг боловсруулахад удирдлагуудтай хамтран ажиллах болно” гэж хэлсэн байна.