ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас энэ оны анхны туршлага солилцох уулзалтаа зохион байгууллаа. Өмнө нь УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Эрхэт Монгол” медиа группийн үйл ажиллагаатай холбогдох албаны хүмүүсээ танилцуулж байсан бол энэ удаад ИНЕГ, ИНҮТ болон харьяа салбар нэгжүүдийн захиргаа, хүний нөөцийн мэргэжилтнүүдийг ХААН банкны хүний нөөцийн бодлого, дотоод үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох уулзалтыг хийлээ.
Монгол орны өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар, нэгж, 6500 орчим ажилтантай ХААН банк нь хувь хүний манлайллын болон мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, том багт орж өөрийгөө сорьж, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болж мэргэших, албан тушаал ахиж дэвших боломж дүүрэн байдаг аж.
Тус банкны амжилтын эх үндэс нь чадварлаг ажилтнуудаа улам чадавхжуулах, сургаж хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшуулал, хөнгөлөлт хангамжийг олгох, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх замаар тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бий болгон улмаар салбартаа хүний нөөцийн нөөц чадавхаараа ямагт тэргүүлэгч байр суурийг бэхжүүлэхийн тулд хүний нөөцийн уян хатан, оновчтой бодлого стратеги, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг гэдгийг ХААН банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Н.Ариунтуул мэдээлэлдээ онцоллоо.
ХААН банк ажилтнуудынхаа хүсэл сонирхлыг чухалчилж, тэмүүллийг нь хуваалцдаг учир хамтдаа өсөн хөгжиж, сайхан ирээдүйг бүтээхэд нь туслах таатай орчин, хамгийн сайн нөөц боломжоор хангах нь эн тэргүүний зорилго болгодог. Ажилтныг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох, сургаж, хөгжүүлэх, тогтвортой ажиллуулах, гүйцэтгэлд суурилсан өрсөлдөхүйц цалин хөлс, урамшуулал олгоход тус банкны хүний нөөцийн бодлого, төлөвлөлт чиглэдэг байна.
ХААН банкны байгууллагын харилцааны газрын менежер М.Батбаяр энд хийсэн мэдээлэлдээ “Ажилтан бүрийн хүсэл хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөр, карьер төлөвлөлтийг боловсруулдаг. Тус банкны дэргэдэх ХААН академи нь шинэ ажилтныг чиглүүлэх сургалтад хамруулан банкны үйл ажиллагааны талаар чиглэл тус бүрээр мэдээлэл өгч сургана. Ажилтныг ажлын байранд томилогдон ажил үүргээ гүйцэтгэх явцад мэргэжлийн болон бусад ур чадварыг хөгжүүлэх, мэргэшүүлэх олон төрлийн сургалтад тогтмол хамруулна. Ингэснээр ХААН банкны ажилтнууд нарийн мэргэшин чадваржиж, шинэ үүрэг хариуцлага хүлээх, албан тушаал ахих боломжтой болж, улмаар зах зээлд өрсөлдөхүйц, хөрвөх чадвартай мэргэжилтэн болж өсөж дэвждэг” гэдгийг онцолж байлаа.