Байгаль орчны тогтвортой тэнцвэрт байдлыг хангах, хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтод хүрэхийн тулд нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хамаарал бүхий оролцогч талууд нисэх буудлуудыг аюулгүй, бие даасан үүсгүүрээр гаргаж авсан сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэх талаар судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байна.
Цахилгаан эрчим хүч гарган авах хамгийн цэвэр арга зам бол сэргээгдэх эрчим хүчний технологи. Сэргээгдэх эрчим хүчний зонхилох эх үүсвэр гэвэл нар, салхи, ус, газрын гүний дулаан зэрэг болно. Сэргээгдэх эрчим хүч бол хэзээ ч шавхагддаггүй бөгөөд хүн төрөлхтөний өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг байгаль орчинд ээлтэйгээр хангах нөөц бололцоо бий.
Эко нисэх буудалтай байхын тулд агаарын хөлгийг устөрөгч эсхүл эко түлшээр хангах тоног төхөөрөмж, нисэх буудлын барилга байгууламжийн хөргөлт/халаалт болон цахилгаан агаарын хөлгийг цэнэглэгч eVTOL эсвэл Агаарын хөлгийн газрын тусгай тоног төхөөрөмж байгууламжтай байхын тул асар их хэмжээний ногоон эрчим хүч шаардагддаг. Нисэх буудалд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь зүй зохистой боловч нисэх буудлын ойролцоо нарны цахилгаан станц эсхүл салхин цахилгаан станц байрлуулах нь аюулгүй байдал, зохицуулалтын олон асуудлуудтай тулгардаг байна.
Нисэх буудлын ойролцоо нарны цахилгаан станцыг барихад нарны фотоволтайк системийг ашигладаг бөгөөд аэродромын талбайн байршил онцлогоос хамааран олон тооны шаардлагыг хангасан байх ёстой. Тухайлбал хурц гэрэл, гэрлийн гялбааны нөлөөллийн хэмжээг дүгнэн тогтоосон байх, (АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны зөвлөмжөөс үзнэ уу) талбайн аюулгүй ажиллагааны шалгалт, CNS, MET байгууламжуудад үзүүлэх нөлөөлөл болон ослын эсрэг хариу арга хэмжээнд PV системийн нөлөөллийн үнэлгээ хийсэн байна.
Фотоволтайк гэдэг нэр томъёо нь гэрлийн энергийг шууд хувиргагчийг хэлэх ба ихэнхдээ нарны гэрлийг фото элементийн тусламжтайгаар цахилгаан энерги болгон хувиргана. 1958 оноос хойш сансрын тээвэрт хэрэглэсээр ирсэн. Орчин үед түүний хэрэглээ нь зөвхөн сансарт бус харин дэлхий дээр ихээр хэрэглэх болсон ба ихэвчлэн цахилгааны үүсгүүрээр ашиглахдаа ил задгай газар болон орон сууцны дээвэр, эсвэл зогсоолын төлбөрийн автомат, тооны машин зэрэгт суурилуулсан байдаг.
Салхин цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нь салхи буюу агаарын урсгалын кинетик энергийг цахилгаан энерги болгон хувиргаж буй үйл явц юм. Сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж буй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нэг бол салхины эрчим хүч бөгөөд 2011 онд дэлхий даяар 40000 гаруй MВт суурилагдсанаас Ази тив жилийн нийт суурилагдсан хүчин чадлаараа тэргүүлэх болов.
Нисэх буудлаас 15км зайд оршдог 10МВт ба түүнээс дээш хүчин чадалтай 2 ба түүнээс дээш салхин цахилгаан станцтай томоохон нисэх буудлууд:
Амстердам
Копенгаген
Лиссабон
Вена
Брюссель Өмнөд Шарлерой
Дани Улсын нийслэл Копенгаген хотын Каструп нисэх онгоцны буудлаас 8 км зайд орших 40 МВт-ын хүчин чадалтай Мидделгрунден далайн салхин цахилгаан станц байдаг байна. Их Британийн Зүүн Мидленд зэрэг зарим нисэх онгоцны буудлууд өөрсдийн цахилгааны хэрэгцээг хангахын тулд нисэх буудалдаа салхин турбинтай байдаг.

Далайн эргээс 11 км зайтай, Копенгагены олон улсын нисэх онгоцны буудлаас 14 км зайд орших Lillgrund офшор салхин цахилгаан станц
Эх сурвалж:
https://www.pagerpower.com/news/wind-farms-and-airports-co-exist/
https://www.airsight.de/consulting/wind-turbines-aircraft-detection-systems/