Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс “Инээмсэглэн мэндчилж, талархан үдье” аяныг эхлүүллээ.
“Чингис хаан” ОУНБ-д гурван сар үргэлжлэх энэхүү аяныг Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн зорилгод нэгдэж, дэмжих, “НУБИЭ” ХХК-ийн нийт ажилтнууд, нисэх буудалд үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнуудын эерэг хандлагыг сурталчлан урамшуулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж, нисэх буудалд нэгдмэл соёлыг бий болгох үүднээс зохион байгуулж байна.
Тус нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, тэдгээрийн ажилтнууд энэхүү аянд хамрагдаж, зорчигчдын сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээ үзүүлэх шилдэг арга барил, туршлагаа хуваалцах “туршлага солилцох” арга хэмжээнүүд, байгууллага, ажилтнаас ирүүлсэн саналд үндэслэн зохион байгуулах нийтийг хамарсан үйл ажиллагаанууд (сайн дурын)-ыг байгууллага, хамт олноороо зохион байгуулж, аяны зорилгод нэгдэх боломжтой. Мөн оролцогч байгууллагуудын ажилтнууд “Үйлчилгээний соёл, ёс зүй”, “Үйлчилгээний ажилтны харилцаа, хандлага”, “Нисэх буудлын үйлчилгээний ажилтнуудын эерэг хэвшил” зэрэг сургалтад хамрагдах боломжтой юм.
Аяны хугацаанд үйлчилгээ, үйл ажиллагаагаар үлгэрлэн манлайлсан “Шилдэг үйлчилгээтэй хамт олон”, ур чадвар, харилцаа, хандлага, эерэг хэвшлээрээ хамт олноо үлгэрлэн манлайлсан ажилтнуудыг шалгаруулах юм байна.