Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан зам, тээврийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЗТХ-ийн сайдын албан даалгавар гарлаа.
Зам, тээврийн салбарын хэмжээнд 2023-2025 онд “Монголд зочлох жил”-ийг аялал жуулчлалын тээврийн дэд бүтцийг сайжруулах, гадаадын болон дотоодын зорчигчдод үзүүлэх тээврийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, аяллын тоо, чиглэл нэмэгдүүлэх, аяллын тийзний үнэ бууруулах, тээврийн үйлчилгээг бүрэн цахимжсан, хялбар, хүнд сурталгүй хүргэх, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага арга зүйгээр хангаж ажиллах зорилтын хүрээнд зохион байгуулахыг салбарын сайд даалгалаа.
Энэхүү зорилтын хүрээнд ЗТХЯ, харьяа байгууллагууд “Монголд зочлох жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг жил бүрээр гарган баталж, хэрэгжилтийг хангах, зам, тээврийн салбарт аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, бүх төрлийн тээврийн зорчигч тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар хүртээмж, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах, орон нутгийн нисэх буудал, төмөр замын буудал, автобуудлуудын үйл ажиллагаа, тохижилтыг сайжруулж, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улс, хот хоорондын зорчигч тээвэрт оролцогч үйлчилгээний ажилтан, тээвэрчид, үйлчлэгч, бусад албан хаагчдын үйлчилгээний соёл, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэрэг олон ажлуудыг үүрэг болгосон байна.
ЗТХ-ийн сайдын тус албан даалгаварт “Чингис хаан” ОУНБ-ын зорчигч үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлуудыг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор дуусгаж, ашиглалтад оруулах, мөн орон нутгийн нислэгийг сэргээх, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд тодорхой шийдвэр гаргах, бэлтгэлийг хангах, хэрэгжүүлэх, агаарын тээвэрлэгчдэд шинэ чиглэл нээхэд шаардлагатай томилгоо, тусгай зөвшөөрлийг бодит судалгаанд үндэслэн нээлттэй, ил тод, хүнд сурталгүй, шуурхай шийдвэрлэхийг ИНЕГ-т үүрэг болгожээ.
Мөн орон нутгийн нислэг үйлдэх боломжтой агаарын хөлөг оруулж ирэх, ашиглах, орон нутгийн нислэг сэргээх чиглэлд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг “МИАТ” ТӨХК-д үүрэг болгосон байна.