ИНЕГ-ын даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дугаар тушаалаар 2023 оны 05 дугаа сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд иргэний нисэхийн салбарын ажилтнуудын дунд зохион байгуулагдсан “Шинэ санаа, шилдэг төслийн инноваци” уралдаанд 15 бүтээл оролцсон.
Энэхүү уралдаанд ЭХНИЙ БАЙР эзэлсэн бүтээлийн хэрэгжилтийн байдлын тайлан мэдээллийг хүргэж байна.
ЦАГ УУРЫН АЖИГЛАЛТЫН АВТОМАТ СТАНЦ AWOS-ИЙГ НИСЭХИЙН МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ СИСТЕМ AMHS-Д ХОЛБОЖ ЦАГ УУРЫН МЭДЭЭГ ДАМЖУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ /1 ДҮГЭЭР БАЙР/. (Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженер техникийн ажилтнуудын бүтээл)
Судалгааны ажлын зорилго, хэрэгцээ шаардлага, ач холбогдол:
Орон нутаг болон төвийн нисэх буудлуудад одоогийн ашиглагдаж байгаа Цаг уурын ажиглалтын автомат систем AWOS нь Нисэхийн суурин холбооны сүлжээ AFTN системтэй P2 буюу сериал холболтоор холбогдож олон улс, Нисэхийн цаг уурын төв болон бусад шаардлагатай байгууллагууд руу цаг уурын мэдээг автоматаар явуулдаг. Агаарын навигаци-2024 Дунд хугацааны стратеги төлөвлөгөөний Стратеги.2.2 дагуу AFTN системийн дараагийн үеийн нисэхийн мэдээлэл дамжуулах систем AHMS-ийг шинээр суурилуулсан бөгөөд тус систем нь P3 буюу IP технологи дээр суурилсан систем тул AWOS системтэй шууд холбогдож мэдээлэл дамжуулах боломжгүй болсон. Тус шалтгааны улмаас AFTN системийг татан буулгах AHMS системийг бүрэн ашиглалтад авахад хүндрэл үүсcэн. Төвийн болон орон нутгийн нийт 16 нисэх буудлуудын AWOS системүүдийн сервер болон программ хангамжийг P3 буюу IP технологи дэмждэг болгон шинэчилж AMHS системтэй холбох боломжтой болгоход өндөр зардал гарахаар байна.
Иймд өнөөгийн AWOS системийг AMHS системтэй шууд холбох, мэдээлэл дамжуулах ажил хийх шаардлага үүссэн.
Цаг уурын ажиглалтын автомат станц AWOS-ын сервер, программ хангамжуудыг шинэчлэхгүйгээр Газрын дамжуулах байгууламжийн нэгдсэн VPN сүлжээгээр орон нутгийн 14 нисэх буудлын цаг уурын автомат мэдээг Нислэг хөдөлгөөний удирдлагын төвд авч ирж Буянт-Ухаа, Чингис хаан ОУНБ нийт 16 нисэх буудлын AWOS системийг AMHS системд шууд холбоход зардал гарахгүй бөгөөд Агаарын навигацийн үйлчилгээнд ямар нэгэн доголдол үүсэхгүй. Энэ туршилтын дагуу дээрх ажлыг зохион байгуулснаар 4 тэрбум төгрөгийг хэмнэхээр байна.
Судалгааны ажлын хэрэгжилт :
Энэхүү ажлыг туршиж шалгах ажлын хүрээнд ХНАА-ны даргын 2023 оны А/35 дугаар тушаалаар Мөрөн НБ, Баруун-Урт НБ, Чойбалсан НБ-уудын цаг уурын ажиглалтын автомат систем (AWOS)-ийг Улаанбаатар хотын Нисэхийн мэдээ дамжуулах систем (АMHS)-д холбож, цаг уурын мэдээ дамжуулах туршилт шалгалтын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэжээ.

Зураг 1. Орон нутгийн нисэх буудлын AWOS системийг SDM төхөөрөмж ашиглан Улаанбаатар НХУТ-AMHS системд холбосон холболтын бүдүүвч зураг

Зураг 2. AMHS систем дээр Мөрөн нисэх буудлын цаг уурын автоман станц буюу ZMMZAWOS хаягнаас SPECI мэдээ хэвийн ирсэн байдал.
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ :
2024 оны Холбоо, навигаци, ажиглалтын албаны гүйцэтгэлийн төлөвлөгөө, урсгал зардлын төлөвлөгөөнд тус ажлыг тусгаж хэрэгжүүлнэ.
Судалгааны ажлын хүлээгдэж буй үр дүн :
Энэхүү ажлыг хийж гүйцэтгэснээр 4.0 тэрбум төгрөгийг хэмнэнэ.