НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭ ЗОХИЦУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ (ATSMHS)-Г НЭВТРҮҮЛЛЭЭ
Нисэхийн суурин холбооны сүлжээ (AFTN)-г 2007 онд шинэчлэн ашиглалтад оруулснаас хойш 16 жилийн дараа түүний дараагийн үеийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээ зохицуулах AMHS системийг 2023 оны 11 сарын 01-ний өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/127 дугаар тушаалаар ашиглалтад оруулсан байна.
ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын ерөнхий төлөвлөгөөний дагуу Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээ зохицуулах үйлчилгээ (ATSMHS)-г Оросын Холбооны Улстай 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11:00UTC цагаас эхлэн нэвтрүүлж, нисэхийн үйл ажиллагааны ашиглалтад орууллаа.
AMHS системийг ашиглалтад оруулснаар Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын зөвлөмж, шаардлагуудад нийцсэн, орчин үеийн IP технологид тулгуурласан тоног төхөөрөмжөөр нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээлэл солилцох, AFTN системээс илүү их багтаамжтай мэдээллийг дамжуулах бололцоог бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдэд олгож байгаа юм. Жишээ нь: Мэдээний хавсралтаар IWXXM форматтай XML файл, зураг, график, диаграм, хүснэгтэн мэдээллүүд дамжигдах бололцоотой болсон.
Тус системийг ашиглалтад оруулах ажлын хүрээнд:
- Иргэний нисэхийн ерөнхий газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын FREQUENTIS COMSOFT GMBH ХХК хооронд AMHS системийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авах гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулж нийлүүлэгдсэн.
- Холбоо, навигаци, ажиглалтын албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/80 тоот тушаалын дагуу тоног төхөөрөмжүүдийг Нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвд суурилуулах, хүлээн авах туршилт шалгалтын ажлыг гүйцэтгэв.
- ИНҮТ-ийн дарга, ХНАА-ны даргын тушаалаар төвийн болон орон нутгийн нисэх буудалд нийт 34 хэрэглэгчийн терминал буюу ажлын байр суурилагдаж холболт, туршилт шалгалтын ажлуудыг гүйцэтгэсэн.
- ОХУ-ын Эрхүү дэх бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй шинээр шилэн кабелийн тоон сувгийн 512Kbps хурдтай L2VPN сүлжээг нэмэлт зардалгүйгээр зохион байгуулсан. Тус сүлжээг ашиглан Оросын Холбооны Улсын Хабаровск, Эрхүү дэх бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн AMHS системтэй холбох боломжийг бүрдүүлж, тоног төхөөрөмжийн харилцан холболт, програм хангамжийн ажиллагааны тохиргоо болон ашиглалтын өмнөх нийт 6 удаагийн туршилт шалгалтын ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
- Ази, Номхон Далайн бүс нутгийн хэмжээнд агаарын навигацийн мэдээлэл дамжуулах CRV VPN сүлжээнд Монгол Улсыг холбох суурилуулалтын болон тохируулгын ажлыг зохион байгуулж, тус сүлжээгээр дамжуулан БНХАУ-ын Бээжин бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн AMHS системтэй холболтын тест болон ашиглалтын өмнөх туршилт шалгалтын ажлуудыг хийв.
- Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн дадлага сургалтад 11, ажлын байран дахь сургалтад 8 инженер техникийн ажилтан хамрагдаж гэрчилгээжсэн ба тус системийг ашиглах, засвар, үйлчилгээг гүйцэтгэх мэдлэг, ур чадвартай болсон.
- AMHS системийн хэрэглэгчдэд операторын эрх олгох үйлдвэрлэгчийн сургалтад 5 албаны нийт 23 ажилтан хамрагдаж гэрчилгээжсэн бөгөөд дотоод сургалтад НХҮА-ны нийт 224 ажилтан, НЦУТ-ийн 5 ажилтан, НУТА-ны 10 ажилтан, НМҮА-ны 2 ажилтан тус тус хамрагдсан байна.