Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий Газар болон БНХАУ-ын Иргэний Нисэхийн Байгууллагын хооронд нислэгийн тоон өгөгдөл солилцох интерфейс (ATS Interfacility Data Communication)-ийг ашиглах талаар анх 2014 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо уулзалт хийж, хоёр тал харилцан зөвшилцөлд хүрсэн. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хооронд тоон өгөгдөл солилцох интерфейс (ATS Interfacility Data Communication) нь Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн автоматжуулалтын системүүд хооронд нислэгийн мэдээ, нислэгийн зөвшилцөл, удирдлага шилжүүлэх болон радио холбоог шилжүүлэх үйл ажиллагааг автоматаар солилцох интерфейс юм.
ИНЕГ болон БНХАУ-ын хойд Хятадын бүсийн Агаарын хөдөлгөөний менежментийн товчооны нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний төвүүдийн хооронд нислэгийн тоон өгөгдөл харилцан солилцох AIDC холболтыг 2015 оны 5 дугаар сараас эхлэн үе шаттайгаар туршиж, AIDC тохиргооны параметрүүд болон мэдээллийн форматуудыг нарийвчлан тохиролцсон.
Үүний үр дүнд Улаанбаатар бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд ашиглаж буй нислэгийн хөдөлгөөний удирдлагын автоматжуулалтын систем /AIRCON2100/-ийн программ хангамжийн шинэчлэлийг үйлдвэрлэгч ИНДРА компанитай байгуулсан гэрээний хүрээнд 2016, 2022 онд тус тус хийж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд БНХАУ-ын Бээжин болон Ланжоу дахь бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн үндсэн болон нөөц 4 өөр бие даасан автоматжуулалтын системтэй нийт 5 удаагийн AIDC системийн холболтыг хийж, туршилт, шалгалтын ажлуудыг гүйцэтгэн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон.
Шалгалт туршилтын ажлын үр дүнд АНҮГ-ын “Улаанбаатар болон БНХАУ-ын бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хооронд AIDC системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөө”, ИНҮТ-ийн даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/123 тушаалын дагуу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагаас эхлэн Улаанбаатар болон Ланжоу бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв хооронд, 2023 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 08:00 цагаас Улаанбаатар болон Бээжин бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв хооронд тоон өгөгдлийн интерфейсийг ашиглаж эхэллээ.
ИНЕГ-ын алба нэгж хоорондын болон улс хоорондын олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд AIDC тоон өгөгдлийн системийг Улаанбаатар болон БНХАУ-ын бүсийн удирдлагын төвүүд хооронд ашиглаж эхэлснээр нислэгийн мэдээ, нислэгийн зөвшилцөл, удирдлага болон холбоог шилжүүлэх үйл ажиллагаа шинэ түвшинд хүрч, агаарын навигацийн үйлчилгээний аюулгүй ажиллагаа энэ хэрээр дээшилж байгаа болно.